Цахилгаан самбарын стандарт
Цахилгааны розетка болон залгуурууд

Эх сурвалж http://elec_design.blog.gogo.mn/read/entry544875

Дэлхийд хүчдэл болон давтамжийн хоёр үндсэн стандарт тархсан байдаг. Нэг нь америк стандарт буюу 60 Герцийн давтамжтай 100-127 Вольтийнх, хоёрдах нь европ стандарт буюу 50 Герцийн 220-240 Вольт байна. Ихэнх орнууд уг хоёр стандартын аль нэгийг ашигладаг ба манай улс европ стандартыг мөрддөг. Харамсалтай нь манай улсад цахилгаан бараа бүтээгдэхүүний залгуур болон розетканд тавигдах стандарт бүрэн утгаараа баригддаггүй. Тийм болхоор янз бүрийн оронд үйлдвэрлэгдсэн розетка болон залгууртай цахилгаан бараанууд манай зах зээл дээр борлуулагддаг. 1998 онд АНУ-ын худалдааны яамнаас розетка болон залгуур болгонд үсгэн тэмдэглэгээ зааж өгсөн ба одоо дэлхий нийтээр уг ангилах системийг ашиглаж байна.

А type (төрөл)

(Хойд Америк, Япон)

Газардуулгагүй хоёр хавтгай параллель контакттай. АНУ-аас гадна 38 оронд уг стандартыг ашигладаг. Хамгийн өргөн тархсан орнууд нь Хойд Америк ба Өмнөд Америкийн зүүн эргүүд. 1962 онд А төрлийн розеткийг ашиглахыг хориглосон хууль гарсан бөгөөд оронд нь В төрлийн стандартыг боловсруулсан байдаг. Японы стандарт нь америкийн розетканыхтай ижилхэн боловч залгуур болон розетканы хэмжээнд илүү нарийн шаардлага тавьдаг.

В type

(Хойд Америк)

Хоёр хавтгай параллель контакт болон нэг дугуй газардуулгын контакттай. Нэмэлт контакт нь урт байдаг учраас цахилгаан тоног төхөөрөмж сүлжээнд залгагдахаас өмнө эхлээд газардуулагддаг (найдвартай арга шүү). Розетканд нейтралын контакт зүүн талд, фаз нь баруун талд, газардуулга нь доороо байрлана. Энэ төрлийн залгууруудад нейтралын буюу манайхны хэлдгээр нойлын контакт нь илүү өргөн хийгддэг ба энэ нь стандарт бус холболтын үед туйл солигдохоос сэргийлсэн арга юм. В төрлийн стандартыг ихэвчлэн PBG (Parallel Blade with Ground) эсвэл Hubbell/Хьюбелл (цахилгаан барааны үйлдвэрлэгчийн нэрээр) нэрлэдэг. Кана, АНУ болон Мексикт тархсан. Мөн түүнчлэн В төрлийн розеткийг Төв Америк болон Карибийн арлуудад, Өмнөд Америкийн хойд хэсгийн орнуудад (Колумб, Эквадор, Венесуэл болон Бразилийн зарим хэсгүүд), Тайван болон Саудын Арабд ашигладаг. Мөн Японд байдаг ч А төрлийн розетканаас цөөн.

С type

(Европ)

Хоёр ширхэг дугуй контакт.

Энэ төрлийн розетка дэлхийд хамгийн өргөн тархсан байдаг ба манай улс 1990 оны өмнө дангаар нь ашиглаж байсан. Голдуу Europlug буюу евророзетка гэж нэрлэдэг. Газардуулга байхгүй бөгөөд залгуур нь контактуудын диаметр нь 4 мм ба хоорондын зай нь 19 мм байх дурын розетканд холбогдох боломжтой. С төрлийн розетка нь эх газрын Европт болон Ойрхи Дорнодод, ихэнх африкийн орнуудад, мөн түүнчлэн Аргентин, Чили, Уругвай, Перу, Боливи, Бразили, Бангладеш, Индонезид ашиглагддаг. Мэдээж хуучин соц орнууд болон манай улс багтана. Герман болон францын залгуурууд нь уг стандарттай адилхан боловч контактуудын диаметр нь 4.8 мм хүртэл ихэссэн бөгөөд их бие нь евророзетканд холбогдох боломжгүй байхаар хийгдсэн. Мөн түүнчлэн энэ төрлийн залгуурууд нь Өмнөд Солонгост газардуулга шаарддаггүй бүх төхөөрөмжинд ашиглагддаг ба Италид мөн тааралддаг.

D type

(хуучин британийн стандарт)

Гурвалжийн хэлбэрээр байрласан гурван ширхэг том дугуй контакттай. Уг стандарт нь голдуу Энэтхэгт хэрэглэгддэг ба Африкийн Гана, Кени, Нигери зэрэг орнуудад, Дундад Дорнодод буюу Кувейт, Катарт тааралддаг. Израиль, Сингапур болон Малайзад энэ төрлийн розеткийг эйр кондишн болон цахилгаан хувцас хатаагчинд хэрэглэдэг.

E type

(Франц)

Хоёр ширхэг дугуй контакт болон розетканы дээд хэсэгт ил гарсан газардуулгын контакттай. Энэ төрлийн холболтыг Франц, Бельги, Польш, Чех, Словакд мөн 2008 оны 7 сарын 1-ээс эхлэн Дани улсад ашиглаж байгаа. Контактуудын диаметр 4.8 мм, өөр хоорондоо 19 мм-ийн зайд байрласан. Баруун талын контакт нь нейтрал буюу нойл, зүүн талынх нь фаз.

F type

(Герман)

Хоёр ширхэг дугуй контакт болон розетканы дээд доод хэсэгт хоёр ширхэг газардуулагч клиптэй. Ихэнхдээ Schuko/Шуко буюу герман хэлний schutzkontakt - хамгаалагдсан, газардуулагдсан гэсэн үгний товчлолоор нэрлэгддэг. Розетка ба залгуурууд нь тэгш хэмтэй бөгөөд контактуудын байрлал холболтонд нөлөөлдөггүй. Ихэнх Зүүн Европын орнууд хуучны евророзетканаас F төрлийн стандарт руу шилжиж байгаа.

G type

(Их британи)

Гурвалжин хэлбэрээр байрласан гурван ширхэг хавтгай контакттай. Ихэнхдээ залгуур нь маш том байдаг бөгөөд түүний учир нь дотор нь гал хамгаалагч байдагтай холбоотой. Их британийн стандартын дагуу ахуйн цахилгааны хэлхээнд өндөр гүйдлийн хүч байж болно гэж тооцсон байдагтай холбоотой. 1946 онд анх гарсан бөгөөд 50-иад оны төгсгөлд хуучин D төрлийнхийг бүрмөсөн шахан гаргасан байдаг. Одоогоор Их Британиас гадна Ирланд, Малайз, Сингапур, Кипр, Мальт болон бусад хуучин английн колони байсан орнуудад ашиглагддаг.

H type

(Израиль)

Ү үсгийн хэлбэрээр байрласан гурван контакттай. Уг стандарт нь зөвхөн Израйльд тааралддаг бөгөөд бусад розетка болон залгууруудтай тохирдоггүй гэдгээрээ онцлог.

I type

(Австрали)

Байшингийн дээвэр шиг байрлалтай хоёр хавтгай контакт болон газардуулагч контакттай. Эдгээр стандартын розеткууд нь Австрали, Шинэ Зеланд, Папуа - Шинэ Гвиней болон Фижи арлуудад ашиглагддаг. Адилхан холболт БНХАУ-д тааралддаг бөгөөд австралийнхаас ялгаатай нь буруу харсан байдаг.

J type

(Швейцар)

Гурван ширхэг дугуй контакттай. С төрлийнхтэй маш адилхан боловч хажуу тийшээгээ бага зэрэг шилжсэн газардуулгын контакттай.

K type

(Дани)

Гурван ширхэг дугуй контакттай. Данийн стандарт нь францын Е төрөлтэй маш адилхан боловч газардуулгын контакт нь розеткандаа биш залгууртаа байрладаг. 2008 оны 7-р сарын 1-ээс эхлэн Данид Е төрлийн розетка хэрэглэгдэж байгаа болно.

L type

(Итали)

Нэг эгнээнд гурван ширхэг дугуй контакттай. Контактуудын диаметр болон хоорондын зайнаас хамаарсан хоёр янз байдаг.

M type

Хуучны британийн стандартын нэг хувилбарыг тэмдэглэхэд ашигладаг бөгөөд Өмнөд Африкт хэрэглэж байгаа болно.

Эх сурвалж: http://elec_design.blog.gogo.mn/read/entry544875
2016 оны 03-р сарын 31,
Нийтэлсэн Der Wanderer